Монголчууд хэний ч өмнө нүүр улайхааргүй спортын ордонтой боллоо
Жагсаалтын хамгийн эхэнд Монгол Улсад баригдсан 5400 хүний багтаамжтай спортын ордон орж байна. Яармагийн дэнж дээр сүндэрлэсэн энэхүү шинэхэн ордонд Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээн явагдана хэмээн зар тарсан байсан ч хараахан ашиглалтанд орж амжаагүй байсан учраас хуучин ордондоо болсон. Гэхдээ энэ оны сүүлийн сард шинэхэн ордны нээлт болж спортынхон төдийгүй спорт сонирхогчдын магнай тэнийсэн юм. Спортын бүхий л төрлийг нэг дороос үзэхээр зай талбайтай энэ ордон ашиглалтанд орсноор манай улсад дэлхийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулагдах боломж бүрдсэн. Нэг үгээр хэлбэл монголчууд хэний ч өмнө нүүр улайхааргүй спортын ордонтой болсон юм.
10 настай дэлхийн аврага
Грек улсад болсон Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 10 настай монгол охин дэлхийн аварга болсныг бас л онцлууштай. Ухаан орсон цагаасаа хойш шатартай нөхөрлөсөн ОУХМ Д.Номин-Эрдэнэ охин спортоор тууштай хичээллэвэл ямар үр дүнд хүрдгийг харуулсан. Бүр нарийвчилбал энэ амжилтаараа тэрбээр үе тэнгийнхэндээ бахархал үзүүлсэн юм. Хамгийн залуу бас шатрын анхны эмэгтэй дэлхийн аварга гэдгээр нь түүнийг спортын онцлох хүний нэгээр тодруулж байна. Ер нь өнгөрч буй бар жилд Монголын шатарчид “оюуны тулаанд” тун өндөр амжилт үзүүлсэн. Дэлхийн оюутны наадамд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, ОУХМ Б.Гүндаваа нар оролцож багаараа анхны алтан медалийг эх орондоо авчирсан нь бас л онцгой үйл явдал байлаа.
Хамгийн олон тамирчин илгээсэн тэмцээн
Гуанжоу буюу “Цэцэгт хот”-д болсон энэхүү тэмцээнд манай улс 222 тамирчнаа спортын 28 төрөлд илгээсэн нь оны онцлох үйл явдал байлаа. Иймолонтамирчингилгээнэ гэдэг нь найдвар тавьсаны илрэл. Харамсалтай нь манайхан эхэндээ тун тааруухан амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ гонсгойлгож байлаа. Гэвч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр наадмын сүүлийн өдрүүдэд харин чамлахааргүй амжилт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл манай 222 тамирчны 16 нь эх орондоо медальтай ирсэн юм. Эдгээрийн ихэнх нь спортын топ төрөл гэгддэг бөхийнхөн байсан. Ялангуяа Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар алтан медаль авч Гуанжоуд оролцсон бусад тамирчдаа аварсан гэж хэлж болно. Манай улсад энэ жил хэд хэдэн дэлхийн чанартай тэмцээн болсон. Тэдгээрийн нэг нь боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Шинэ ордондоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна гэж байсан ч харамсалтай нь шинэхэн ордон ашиглалтанд орж амжаагүй. Үүнээс болоод хэд хэдэн орны боксчин тэмцээнд оролцох гэрээгээ цуцалсан гэсэн ч яриа гарсан. Гэхдээ ямартаа ч дэлхийн аварга ширэн бээлийтнүүд Монголд ирж рейнгинд хэрхэн тулалдгийг харуулсан. Харин дараагийн онцлох томоохон тэмцээн нь Азийн даамын аварга шалгаруулах тэмцээн. Монголчууд даамаар бас ч гэж чамгүй амжилт үзүүлж байгаа болохоор азийн аваргыг Монголд зохион байгуулсан нь энэ. Энэхүү тэмцээнд Монголын номер нэгдаамчин Г.Эрдэнэбилэг нарын дөрвөн даамчин оюун ухаанаа сорьсон юм. Аварга гэдэг хэзээд аваргаар байдаг гэдгийг тод жишээг Г.Эрдэнэбилэг Азийн наадмын тоглолтоороо харуулсан. Нэг үгээр хэлбэл тэрбээр дөрөв дэх удаагаа түрүүлснээрээ бас л онцлох хүний нэг болж чадсан юм.
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчид Монголд өрөг тавилаа
Монголын шатрын спортын түүхэнд анх удаа Дэлхийн шатрын холбооны А зэрэглэлийн тэмцээн болох Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээн Монголд зохион байгуулагдсан нь бас л дуулиантай үйл явдлуудын нэг байсан. Найман орны 12 шилдэг шатарчид энэхүү тэмцээнд ухаан сорьсон. Тэдний дотор дэлхийн таван удаагийн аварга Гүржийн шатарчин Маяа Чибурданидзе, Болгарын их мастер, дэлхийн аварга Стефанова Антуанетта, Катарын их мастер Зу Чен нар багтсан байсан юм. Дэлхийн аварга тамирчидтай манай шатарчин их мастер Мөнгөнтуул өрөг тавьсан. Эх орондоо болж буй тэмцээнд нэлээд амжилт үзүүлнэ хэмээн түүнд монголчууд итгэл наидвар тавьж байсан ч тэрбээр дэлхийн аваргуудыг хараахан бараагүй.
Гэхдээ түүнд энэ тэмцээн асар их туршлага болсон юм. Хамгийн сайхан нь тэрбээр энэхүү тэмцээнд Энэтхэгийн их мастер Конерутай тавьсан өргөөрөө шатрын ертөнцөд шуугиан тарьсан. Тодруулбал түүний энэ өрөг шилдэг өрөг болжээ.
Их аварга зодог тайллаа
Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюүгийн зодог тайлахаар шийдсэн шийдвэр энэ оны хамгийн дуулиантай үйл явдал байсан. Сумогийн ертөнцөд олон жил ноёлсон тэрбээр хятадын иргэнээс эх орноо өмөөрснийхөө төлөө ийм алхам хийхэд хүрсэн гэхээр даанч харамсалтай. Гэвч тэр монгол хүний шазруун зандаа хөтлөгдөн нулимс дуслуулан байж Сумогийн холбооны их хурал дээр буюу хоёрдугаар сарын дөрвөнд дэвжээгээ орхиж буй тухайгаа зарласан юм. “Өглөөний хөх луу” зодог тайлах ёслолынхоо үеэр “Бүх зүйлд баярлалаа, би явлаа” гэсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн. 68 дахь Их аварга сумог орхин явснаас хойш сүмогийн үзэгчид цөөрсөн гэсэн яриа бий. Энэ нь ч ортой биз ээ. Сумо бөхийг сонирхолтой үзүүштэй болгодог байсан Их аварга харин 10 дугаар сард үс хөндөх ёслолоо хийж сумоч биш сумог дэмжигч жирийн иргэн болсон юм.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment