Реппер Gee оны “Freedom of speech” шагнал хүртлээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр боллоо. Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ жилийн баяраараа Монголд анх удаа “MIND AWARDS 2010” буюу оюун сэтгэлгээний оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Монголд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэхийг тулд “MIND AWARDS 2010”-г зохион байгуулав.

“MIND AWARDS 2010” хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан. Юун түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг шагнаж урамшууллаа. Хоёрдугаарт ямар нэг улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагад үлгэр дууриалал болохуйц алхам байлаа.

Зохион байгуулагчдийн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон явуулна гэдгээ амлаж байсан юм.

ОНЫ “GEGAMIND”

Олон улсын математикийн олимпиадад  өндөр амжилт үзүүлж, хүрэл медалиар шагнагдсан МУИС-ийн I курсийн оюутан Ц.Ивээлийг энэ оны “GEGAMIND”-р тодруулан цом, 500.000 төгрөгөөр шагналаа. Олон олон гегагаар хэмжигдэх оюун ухаант залуусыг цаашид энэ шагналаар жил бүр урамшуулж байх юм байна.

ОНЫ “ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ” –НИЙ ЭЗЭН / FREEDOM OF SPEECH

Ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэний салшгүй нэг эрх нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх мөн. Иймээс оны шилдэг “FREEDOM OF SPEECH” шагналаар Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс 2 хүнийг шагнасан юм.

Шагналын эздээр үнэн үг, нийгмийн болох бүтэхгүйг шүүмжилсэн өөрийн уран бүтээлүүдээрээ хүүхэд, залуучуудыг байлдан дагуулж буй реппер GEE, Монголын Лектор Төвөөс зохион байгуулдаг Монголын илтгэх ур чадварын хамгийн том тэмцээн “АГГОН V”-ын ялагч, Монголын Залуучуудын Холбоо,  Монголын Лектор Төвөөс зохион байгуулсан “Оюуны олимп” тэмцээний 2-р байрын шагналт Б.Пүрэвсүрэн нар шалгарч,  тус бүр 500.000 төгрөгөөр шагнагдсан юм.

Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ чадамгай ашиглаж чадвал танд ч бас шагналын эзэн болох боломж бий.

ОНЫ “ЭХ ОРНЫ БАХАРХАЛ”

2008 оны олон улсын шинжлэх ухаанч таван эмэгтэйн нэг,  “National Geographic” нийгэмлэгээс 2010 оны шинжлэх ухаанч залуу эрдэмтэнээр тодруулсан М.Болорцэцэгийг палеонтлогийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулан улмаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж байгаагийнх нь төлөө “ЭХ ОРНЫ БАХАРХАЛ”- аар тодрууллаа. Гадны олон орон Монголыг үлэг гүрвэлийн гайхамшигт олдворуудаар нь мэддэг. Гэтэл Монголчууд өөрсдөө үндэсний баялгаа тоож ойлгодоггvй сэтгэхvйг М.Болорцэцэг өөрчилж Монголын палеонтлогийн музей байгуулахыг мөрөөддөг гэнэ.

ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА

Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой тэмцэж байгаагийн нь төлөө ЛГБТ (лесби, гей,бисексуаль, трансжендер) төв байгууллагыг оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар шалгаруулан өргөмжиллөө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment